НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОЙН ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас 2025 онд “Доройтсон ойд цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэн, ойн төлөв байдлыг сайжруулах” тендер шалгаруулалтыг  зохион  байгуулж, тус тендерийн  Багц -10 “Улаанбаатар хотын ойн санд цэвэрлэгээний  арга  хэмжээг хэрэгжүүлэн, ойн төлөв байдлыг сайжруулах” ажлын гүйцэтгэгчээр  ойн мэргэжлийн  байгууллага “Мөрөнболд-Эрдэнэ” ХХК шалгарч гэрээг байгуулан ажиллаж байна.
Энэхүү гэрээт ажлын хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Улиастайн амны Бурхант, Тарвагатай, Хадат зэрэг амуудад  3 байршилд ойн түймэр болон ойн хөнөөлт шавжид нэрвэгдэн хатаж хуурайшсан, сэргэн ургах чадваргүй болсон  27 га ойн талбайд цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэн, ойжуулалт нөхөн сэргээлтийн арга хэмжээг 12 га  талбайд хэрэгжүүлэн хүлээлгэж өгөх юм.
"Мөрөнболд-Эрдэнэ" ХХК нь “Цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэн, ойн төлөв байдлыг сайжруулах” ОГ/20250165 гэрээт ажлыг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлээд байна. Цэвэрлэгээний арга  хэмжээг   2025  оны 09  дүгээр сарын   10-ны  өдрийг хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ.  Гэрээт ажлыг эхлүүлэхийн өмнө тус аж ахуйн нэгж холбогдох хууль, журмын дагуу ойд цэвэрлэгээ хийх талбай тусгаарлалтыг хийлгэж, ойн нөөц ашигласны төлбөрийг төлж зохих зөвшөөрлийг авсан. Цэвэрлэгээний ажлын явцад нийслэлийн Байгаль орчны газраас хяналт тавьж, хэрэгжилтийг  хангуулах ажлыг зохион  байгуулан ажиллаж байна. 

Ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэхдээ Ойн тухай хууль, Засгийн газрын 2020.11.18-ы №184 тогтоол батлагдсан. “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ойд арчилгаа хийж, хожуул ,унанги, үзүүр, мөчир, гишүү бэлтгэх зэрэг ойн цэвэрлэгээний аргаар хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг хөнгөлөх хувь хэмжээ”; ЗГХАгентлаг Ойн газрын даргын 2025.02.19, №А/10-р тушаалаар батлагдсан “Мод бэлтгэх заавар”; ЗГХАгентлаг Ойн газрын даргын тушаал. 2025.02.19, №А/11-р тушаалаар батлагдсан “Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих заавар”; “ОйСХТ” УТҮГ-ын захирлын 2018 оны А/99 дугаар тушаалын 1, 2, 3-р хавсралт “Ойд арчилгаа хийх технологийн заавар”, “Ойд цэвэрлэгээ хийх технологийн заавар” Стандартчилал, Хэмжилзүйн үндэсний Зөвлөлийн тогтоол. 2015.06.25-ны өдрийн №18 тогтоолоор өөрчлөлт орсон, №04. MNS 5413:2011. “Түлшний мод. Техникийн шаардлага” стандарт зэрэг хууль эрх зүйн актуудыг мөрдөж ажиллана. 
Ойн цэвэрлэгээ нь түймэр, хөнөөлт шавж өвчин, салхи шуурга, нойтон цас, мод бэлтгэл зэрэг байгалийн давтагдашгүй хүчин зүйл болон хүний зохисгүй үйл ажиллагааны нөлөөгөөр хатаж хуурайшсан болон унаж булгарсан мод, мөчир гишүү, мод бэлтгэлийн үлдэгдэл зэргийг цуглуулж цэвэрлэн ойн ариун цэвэр байдлыг хангах, ойн түймэрт  шатах материалыг багасган түймэр тархах нөхцөлийг бууруулах, ойн хөнөөлт шавжид дахин өртөх аюулаас сэргийлэх, ойг байгалийн аясаар сэргэн ургах нөхцөлийг хангах зорилгоор хийгдэж буй ойн аж ахуйн ажил юм.

Ойд унасан, хатсан мод нь ойн түймрийг тэтгэх маш том хүчин зүйл шатах материалын нөөц болдог. Унанги, хатсан мод нь амьд мод хооронд маш хурдан гал дамжуулах механизм болдог учир ойн түймрийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. 
Ард иргэд ойн цэвэрлэгээний ажлын талаар мэдлэг мэдээлэл дутмаг байдлаас үүдэн энэхүү ажлыг эсэргүүцэх, олон нийтийн сүлжээнд буруу мэдээлэл түгээх зэрэг асуудал үүсгэдэг бөгөөд та бүхэн ойн цэвэрлэгээний ажлыг зөвхөн мод бэлтгэлийн ажил биш ойн санг хамгаалах, сайжруулах цаашлаад та бүхний амь нас, эд хөрөнгийг болзошгүй түймрийн эрсдэлээс хамгаалах сэргийлэх үүднээс хэрэгжүүлж буй ойн аж ахуйн нэг арга хэмжээ гэж ойлгоосой гэж хүсэж байна. 
Тухайн талбайд мод унагах, мөчирлөх, цагаалах үйл ажиллагаа явагдаж буй үед таны дээрээс мод унах, хуурай мод, мөчир гишүү унах үедээ хугарч харвах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зэрэг эрсдэл их тул хөдөлмөрийн аюулгүй байдал, аюул осолгүй эрсдэлгүй үйл ажиллагаа явуулах үүднээс ойн цэвэрлэгээний ажлын явцад тухайн талбайд зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхыг та бүхнээс хүсэж байна. 

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.