ХАЛЗАН БҮРЭГТЭЙГ УЛСТӨРЧИД ДЭМЖИЖ, НУТГИЙН ИРГЭД ЭСЭРГҮҮЦЭВ

Б.ТОГТОХ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос хамтран өчигдөр Төрийн ордонд Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулав. Хяналтын сонсголыг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар удирдаж явууллаа. Сонсголд УИХ-ын гишүүд, төрийн байгууллагын төлөөлөл, Ховд аймгийн төрийн байгууллагын төлөөлөл болон Мянгад сумын иргэд гээд 120 гаруй хүн оролцов.

Газрын ховор элемент гэж юу вэ 

Хуралдааны эхэнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Мэндбаяр газрын ховор элемент болон улс орнуудын нөөцийн талаарх албан мэдээллийг өгөв. Тэрбээр, “Газрын ховор элемент гэдэг нь лантоноидын бүлгийн 15 элемент, нэмээд химийн шинж чанараар төстэй индрий, скандий гэх хоёр элемент нэмэгдээд 17 элемент юм. Түүн дотроо 57-64 хүртэл хөнгөн, 65-71 хүртэл хүнд гэж хуваадаг. Газрын ховор элемент нь нарны зайн хураагуур, салхин сэнс, баттерей, шилэн кабель, хабрид машины бүрэлдэхүүн, ухаалаг тоног төхөөрөмж, дэлгэц хийхэд гол түүхий эд болдог. Дэлхий дахинд газрын ховор элементийн тогтоогдсон нөөц нь 121.1 сая тонн байдаг бөгөөд нөөцөөрөө БНХАУ /38 хувь/, Вьетнам /19 хувь/, Бразил /18 хувь/, Энэтхэг /6 хувь/, Австрали /49 хувь/, ОХУ /3.3 хувь/, АНУ, Грийнландын арлууд ар, араасаа жагсдаг бол БНХАУ, АНУ, Мьянмар, Австрали, Тайланд улс олборлолтоор тэргүүлж байна. Монгол Улс харин 2.7 хувийг эзэлдэг.
Газрын ховор элемент нь түгээмэл тархацтай бус, тухайн орд дээрээ ч сарниу байдлаар оршдог. Дэлхий дахинд хамгийн их эрэлт үүсгэж буй, нийлүүлэлт ч тэр хэрээр ихэссэн байгаа” гэлээ. Монгол Улс “Алсын хараа-2050” хөтөлбөрөөс гадна Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт “Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслийг бодлогоор дэмжинэ” гэж тусгажээ. Газрын ховор элементийн судалгааны ажил 1990 оноос өмнө хийгдэж эхэлсэн бөгөөд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш хувийн хэвшлүүд өөрсдийн хөрөнгө болон улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийснээр өнөөдрийн байдлаар тэрбум гаруй хүдрийн нөөцтэй, 3.1 сая тонн ислийн нөөцтэй зургаан орд газрыг нээж илрүүлжээ. Тодруулбал, 
-Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлалтай Лугийн гол /Рио ХХК эзэмшдэг/ 
-Өмнөговь Цогт-Овоо суманд байрлалтай “Хотгор” /Хотгор минералс ХХК эзэмшдэг/
-Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрлалтай “Мушгиа худаг” /Рэмат ХХК эзэмшдэг/ 
-Ховд аймгийн Мянгад суманд байрлалтай “Халзан бүрэгтэй” хүнд, хөнгөн хоёр орд /Монголиан нэшнл рийр ийт корп, Монголиан Лантаноиде корпораци ХХК эзэмшдэг/ 
-Хэнтий аймгийн Биндэр, Өмнөдэлгэр суманд байрлалтай “Цагаанчулуут” /НАБД ХХК эзэмшдэг/ 
-Увс аймгийн Завхан суманд байрлалтай “Улаан дэл” /Гео-Инфо” ХХК эзэмшдэг/ зэрэг ордууд юм. Газрын ховор элементийг олборлохдоо ил болон далд аргаар олборлодог. Тухайлбал, БНХАУ-ын Баян-Овоо, Австралийн “Mount Weld”, АНУ-ын “Mountain Pass” зэрэг ордууд нь ил уурхайн аргаар газрын ховор элементийг олборлож байна. Далд уурхайн хэлбэрийг маш ховор байдлаар ашигладаг бөгөөд ОХУ-ын Мурманск муж дахь орд юм байна.

Халзан бүрэгтэй олборлолтоо ил аргаар явуулна гэв

Тэгвэл Хяналтын сонсголын сэдэв болсон “Халзан бүрэгтэй” орд нь ямар ач холбогдолтой, хэзээ лиценз олгогдож, хэрхэн хувийн хэвшилд шилжсэн талаар шинжээч н.Лхагвабаатар танилцуулахдаа “Халзан бүрэгтэй орд нь газрын ховор хүнд, хөнгөн хоёр элементийг агуулсан орд. 1987 оноос анх судалгааны ажил нь эхэлсэн. Монгол-Зөвлөлтийн хамтарсан эрдэм шинжилгээний экспедиц Оросын геологич В.И.Коваленкогоор удирдуулан анх хүдэржилт байгааг тогтоож, 1989-1990 онд сорьцлолтын ажил гүйцэтгэсний дараа 2011 онд тусгай зөвшөөрөл авснаар өрөмдлөг буюу газрын гүний хайгуул эхэлсэн. 2011-2013, 2021-2023 онд хоёр удаа судалгаа буюу өрөмдлөг хийж нөөцийг тогтоосон. 
Тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан нэшнл рийр ийт корп” ХХК-ийн 90 хувийг Канад улсын “Супрем 17 Холдинг Лимитед” компани эзэмшдэг бол, 10 хувийг Сингапур улсын “Билэг Индастриал Групп Пти Лтд” компани эзэмшдэг. Энэхүү компани нь Ховд аймгийн Мянгад суманд газрын ховор элементийн хоёр тусгай зөвшөөрлөөс гадна барилгын болон шохойн чулуун хоёр лицензийг мөн нэмж эзэмшдэг юм байна” хэмээлээ. 
Хайгуулын тусгай зөвшөөрөл хамгийн анх 2000 онд иргэн Б.Зул гэгчид байснаа 2001 онд “Монтем” ХХК-д 100 хувь шилжиж, 2001 оноос хайгуулын тусгай зөвшөөрлөөс ашиглалт болсон бол 2009 онд “Бошго уул” ХХК-д шилжсэн ч эргээд “Монтем” руу шилжиж, хамгийн сүүлд буюу 2011 оны гуравдугаар сард “Монголиан нэшнл рийр ийт корп” ХХК-ийн мэдэлд бүхэлдээ шилжжээ. Тус компани нь өмнө хэлсэнчлэн, 2012-2013 онд хайгуул явуулж, 2015 оны зургадугаар сард 278 сая тонн хүдэр, 1.2 сая тонн ислийн нөөцтэй гэсэн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлжээ. Улмаар, 2018 онд ТЭЗҮ-гээ боловсруулсан бөгөөд
-Хүчин чадал: 5.0 сая тонн 
-Ашиглалтын хугацаа: 39 жил 
-Ашиглалтын технологи- Ил уурхай 
-Баяжуулах технологи-Гравитац буюу энгийн хямд 
-Олборлох хүдэр: 194 сая тонн 
-Баяжмал: 21.6 
-Ажлын байр: 550 гэсэн тооцоолол ирүүлж, батлуулжээ. Харин 2023 онд ТЭЗҮ-дээ дахин тодотгол хийж, 2022-2025 онд хайгуулын өрөмдлөг дахин хийсэн байна. Хэрвээ тухайн компани нь үйл ажиллагаа явуулж эхэлвэл авто тээвэртэйгээр гаднаа овоолготойгоор хүдрээ ил олборлох юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт”, “Шивээ-Овоо”, “Цайртминерал” зэрэг ордууд шиг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр ил үйл ажиллагаа явуулах юм.
Циркон, Необийн газрын ховор элемент буюу орчин үеийн үйлдвэрлэлд ашиглагдаж буй элемент агуулсан тус ордын хүдэрт агуулагдах ураны хэмжээ 0.009, торийн агууламж 0.028 хувь агуулагдаж байна гэсэн үр дүн гарчээ. Дундговь аймаг дахь ураны “Зөөвч овоо” орд болон газрын ховрын элементийн “Халзан бүрэгтэй” хоёр ордыг харьцуулбал, боловсруулах процессийн химийн арга нь хоёр өөр гэсэн үг. “Халзан бүрэгтэй” ордыг ил аргаар олборлож, баяжмалыг нь химийн аргаар боловсруулдаг бол “Зөөвч овоо” ордын хувьд газрын дор уусган олборлодог. Ийм хоёр ялгаатай өөр ордууд гэдгийг ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Т.Аззаяа онцлов. Тэрбээр, “Уран, торийн агууламжийг боловсруулалтын шатанд нарийн хянаад явах ёстой. Дэлхий нийтийн бүх газрын ховор элементийн хүдэрт агуулагдах уран, торийн агууламж нь олборлолтын явцад баяжмалдаа байна уу, хаягдалдаа байна уу, хэрвээ хаягдалтай байвал тэр нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй юу гэдгийг судалгааны үндсэн дээр тогтооно. Манай хүрээлэн дээр судалгааны ажил хийгдээгүй байна. Илүү нарийвчилсан судалгаа хэрэгтэй. “Халзан бүрэгтэй” ордоос уран олборлох нь ээ гэсэн буруу ташаа мэдээлэл яваад байна. Тийм зүйл байхгүй. Тухайн ордуудын эрдэс, хүдэр, химийн найрлага нь өөрөө хэлээд өгдөг. Яагаад бид Орос, Хятад шиг газрын ховор элементийн хүдрийг эхний шатанд баяжуулаад экпортолж болохгүй гэж. Химийн талаас нь авч үзвэл, газрын ховор элементийг олборлолт эхлээгүй байхад малын өвчлөл, гажиг бий болох боломжгүй” хэмээлээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх байгаль орчны нөлөөллийн үнэлгээ болон хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг танилцуулав. Тус төслийн “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ”-ний асуудлаар Мэргэжлийн зөвлөл 2023 оны наймдугаар сарын 30-нд хуралдаад “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, ургамлын суурь судалгаа, зураглал буруу хийсэн, усан орчинд нөлөөлөх сөрөг нөлөөг нарийвчлан судлах, усны чанарын судалгаа хийх, мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргах зэргээс гадна ИНХ-аар хэлэлцүүлж, олон нийтийн оролцоог хангах ёстой гэж үзжээ. Өнөөдрийн байдлаар тайлан ирээгүй байна гэв. Орон нутгаас тусгай зөвшөөрлийг цуцлуулах таван албан бичиг ирсэн ч нэг заалт нь манайхтай хамааралтай байсан. Байгаль орчинд хор нөлөө үзүүлж буй бол холбогдох бичиг баримт, нотолгоог ирүүлээч гэж хүсэж байгаа” гэсэн мэдээлэл өглөө. Төслийн талбайд 2022-2023 оныг хүртэл Мянгад сумын ИТХ, ЗДТГ, Үндэсний аюулгүй байдлын ажлын алба, Уул уурхайн яам зэрэг найман байгууллагаас зургаан удаа шалгалт хийжээ. Агаар, хөрс, цацрагийн хэмжилтүүдийг хийсэн бөгөөд агаарын чанар, дуу чимээ зөвшөөрөгдөх хэмжээнд, усны чанар стандартаас даваагүй, хөрсний давтан шинжилгээнүүдээс хүнд металийн бохирдол илрээгүй гэлээ. Цацрагийн хяналтын цэгүүдийг мөн төслийн талбайд бүхэлд нь торлож хийснээс гадна орон нутгийн тодорхой цэгүүдэд хийхэд гамма цацрагийн тунгийн чадал өндөр цэгүүдээс тухайн бүс нутаг өндөр биш гэсэн тайлан гарсан бол гажигтай төл гарч буй нь эрдсийн дутагдлаас болсон гэсэн мэргэжлийн багийн дүггнэлт гарсныг шинжээч н.Наранцэцэг танилцууллаа.

“Газрын ховор элемент, уранаа ялгахгүй байна”

Сонсголд Мянгад сумаас ирсэн 25 иргэн тус бүрнээ үг хэлэхээр цаг захиалжээ. Мөн УИХ-ын гишүүд ч үг хэлсэн бөгөөд тэдний төлөөллийн байр суурийг тоймлон хүргэе. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Газрын ховор элементийг олборлохтой холбоотой хууль, эрхзүйн орчин хангалттай бүрдсэн. Цалин тэтгэвэр нэмээч гэж орилдог атлаа төрд орж ирэх, иргэдэд очих орлогыг хааж, шахаж, боож байгаа хэлбэр. Би сайдаар ажиллаж байсан хүн. Халзанбүрэгтэй төсөл заавал УИХ руу, Хяналтын сонсгол руу орж ирэх шаардлагагүй. Хуультай, эрхзүйн орчин нь бүрдчихсэн юм шүү дээ. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй үйл ажилллагаа явуулаад эхлэх юм бол хураагаад авчихдаг хуультай. Ер нь газрын ховор элементээ ашиглахгүй юм бол цаашдаа дэлхийн хөгжлөөс хол хоцорно. 

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц: Халзан бүрэгтэй төслийн талаар сонсгол зохион байгуулж буй нь нэг талдаа зөв ч нөгөө талдаа буруу. Төсөл болгоныг Их хурал руу татаж оруулж ирэх юм уу. Салбар яам нь ажлаа хийхгүй юм уу. УИХ хууль тогтоох байгууллага. Бодлогоо гаргаад явна. Гэтэл сайдын хүрээнд хийх ажлыг Их хурал руу оруулж ирсэн нь ухралт юм. Газрын ховор элемент олборлохыг би дэмжинэ. Нүүрсээрээ л бид эдийн засгаа бүрдүүлж байна. Гэтэл худалдаж авдаг улс маань татгалзаад эхэлчихлээ. Бид өөр юу зарж амьдрах вэ. Тэгэхээр алт, уран, газрын ховор элемент гэсэн бусад салбарынхаа боломж бололцоог эрье.

Цөмийн физикч, доктор Н.Тэгшбаяр: Уран эсэргүүцдэг байсан хэдэн нөхөр Халзанбүрэгтэй төсөл дээр оччихсон явж байна лээ. Ер нь үндэсний хэмжээний том төслийг эсэргүүцэж амьдралаа зогоодог улсууд бий болчихож. Энэ хүмүүсийг тагнуулын байгууллага шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай.  Мэдэхгүйгээр эсэргүүцэж байгаа бол гэгээрүүлье. Улс орон том төслөө явуулахгүйгээр эмч, багш, тагнуул, цагдаагийнхаа цалинг яаж тавих юм. Алт, зэснээс өөр зүйл олборлоё. Газрын ховор элементээ ашиглая.

Монгол Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа: Халзанбүрэгтэй төсөл нь хайгуулын үе шатны стандарт буюу хариуцлагатай уул уурхайн стандартад хамрагдаад хэрэгжилтээ хангаад явж байгаа. Монголын эдийн засаг дан ганц нүүрснээс хамааралтай байгаа. 90 гаруй хувь гэчихвэл хол зөрөхгүй. Үүнийг солонгоруулахад уран, зэс, алт буюу газрын ховор элементийг ашиглах нь чухал юм. Дэлхий дахинд эрэлт улам бүр нэмэгдэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Газрын ховор элементийн төслийг ураны төсөлтэй хольж хутгаад “хортой” гэж худал мэдээ цацаж, иргэдийг төөрөгдүүлж байгаа. Газрын ховор элемент нь аюулгүй гэсэн хангалттай дүгнэлт хөдлөнгийн байгууллагууд гаргасан.
Иргэн Г.Баяртогтох: 20 гаруй жилийн өмнөөс энэ газар малаа маллаж байсан хүмүүс малд ганц удаа ийм гажиг гарч байсан юм уу. Тэгвэл яагаад зөвхөн өрөм тавьж эхэлснээс хойш гарч эхлэв. Ховд гол, Дөргөн нуур, Хар ус нуур, Буянт голоо хамгаалж болохгүй юм. Залуус ирээд шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл ярих боломж, бололцоог олгохгүй байгаа юм бэ. Миний хувьд иргэний хувьд эсэргүүцэж байна. Энд мөнгө аваагүй хүн байж болохгүй юм.Мөнгө авсан нь дуу хоолойгоо гаргаж эсэргүүцэж байна гэж ойлгоод байгаа юм. 

Мянгад сумын малчин н.Амаржаргал: Ерөнхийлөгчөөс ганц зүйл гуйя. Та ард түмэн намайг хамгаална гэж хэлж байсан. ард түмэн бид үнэхээр туйлдаа хүрч байна. Энэ төслийн төлөө тэмцээд ядарч байна. Бидний төлөө дуугараад өгөөч. Амьтанд хардагдаж байна. Эх хүн үрийнхээ төлөө тэмцэж чаддаг юм. Та Монгол Улсын аав биз дээ.Та үр хүүхдээ эргээд нэг хараач дээ. У.Хүрэлсүх та үр хүүхдээ хараарай. Энэ төслийг зогсоох эрх танд байгаа байх. 
Мянгад сумын малчин н.Мягмарсүрэн: Ургийн гажиг чинь манай хотод 2023 онд гарсан юм. урд нь хэзээ ч гарч байгаагүй юм шүү. Лицензийг цуцалж өгөөч. Ард түмнийг тайван амьдруулаад өгөөч. Бид тайван байхгүй шүү гэдгийг хэлье. 

Иргэн н.Золбаяр: Өнөөдөр Монгол Улс газрын ховор элементээ ашиглах нэн даруй хэрэгцээ бий юу. Аюулгүй олборлох юмаа бэлдээгүй байж яагаад энэ компанид лиценз олгосон юм. Нэг бүс нутгаа золиосолж бэлтгэл хийж, ухах хэрэг үү. Ганц манай сум ч бус баруун монголчуудыг золионд гаргах хэрэг үү. Бид төрдөө итгэх итгэлгүй боллоо. Өчнөөн ордуудаа зараад идчихсэн. Тэгээд дахиад нэг ордоо зарах юм гэнэ. Ийм луйварчин төртэй, хөгжөөгүй шинжлэх ухаантай байж ийм аюултай зүйлээр оролдож болохгүй. Бөхийн шээсээ шинжилж чадахгүй байж ураны хор хохирлыг шинжилж чадах уу. 

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.