КАЗАХСТАН КРИПТО ГҮЙЛГЭЭНИЙ ПЛАТФОРМУУДЫГ ХААВ

Казахстан улс санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа эрчимжүүлж, крипто гүйлгээний 130 платформыг хаасан тухай тус улсын санхүүгийн хянан зохицуулах албанаас мэдэгдлээ. Эдгээр платформууд нь 17 орчим сая долларын дижитал хөрөнгө цөлмөсөн, мөнгө угаасан байж болзошгүй гэж шалгаж байгаа юм байна. Мөн нэн ялангуяа Казахтсан, Орос, Украин, Молдав зэрэг улс орнуудыг дамнасан гэмт хэргийн бүлэглэлүүд иймэрхүү крипто гүйлгээний хэрэгсэл ашиглаж мансууруулах бодис наймаалдаг, цахим залилан үйлддэг гэж тайлбарлаж байна. Казахстан улс ингэж санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх замаар ДНБ-д нь эзэлдэг сүүдрийн эдийн засгийн хэмжээг 15 хувь бууруулахаар зорьж байна.
Хар тамхины наймаачид, кибер гэмт хэрэгтнүүд иймэрхүү крипто гүйлгээний хэрэгсэл ашиглаж олон шат дамжлагатайгаар гэмт хэргээ үйлддэг. Тухайлбал, фиат мөнгө буюу уламжлалт валют, эсвэл криптовалютыг цахим хэтэвчээр сольдог, энэ цахим хэтэвчинд нь олон удаагийн давтамжтай хөрөнгө эх үүсвэр нь тодорхойгүй байдлаар урсан орж ирэхээр зохицуулсан байдаг гэх мэт мэдээллийг Казахстаны санхүүгийн хянан зохицуулах хорооны тайланд дурджээ. Крипто орчинд л үйлдэж байгаа болохоос эдгээр хууль бус гүйлгээ нь мөнгө угаах бодит гэмт хэрэг мөн гэж тус байгууллага тодорхойлж байна. Казахстан улсын хуулиар Астанагийн санхүүгийн үйлчилгээний удирдах газрын зөвшөөрөл олгосон платформ л үндэсний хэмжээнд банкны системийн нэг хэсэг болж, үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг байна. Энэ байгууллага нь кибер аюулгүй байдал, хувийн дата мэдээллийг хадгалахад ихээхэн анхаарч ажилладаг. Үүний тулд хувь хүн бүр өөрийн гэсэн хэрэглэгчийн хаягтай байх ёстой гэх мэт шаардлага тавьдаг. Мөн IT дэд бүтэц нь кибер аюулгүй байдлын стандартад нийцсэн байх ёстой гэж платформуудаас шаарддаг байна. Өнөөдрийн байдлаар Казахстан улсад дээрх байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан дижитал хөрөнгийн үйлчилгээний 27 платформ байгаагийн 12 нь крипто гүйлгээний хэрэгсэл байна. Эдгээрийг бүгдийг нь санхүүгийн шалгалт, мөнгө угаахтай тэмцэх ажиллагаа, терроризмтай тэмцэх санхүүгийн зохицуулалтаар байнга оруулдаг байна. Өнгөрсөн хугацаанд Казахстаны санхүүгийн хянан зохицуулах байгууллага хууль бус хөрөнгийг бэлэн мөнгө хэлбэрт шилжүүлж, 40 сая долларыг хууль бусаар шилжүүлсэн 81 хаалттай бүлгэмийг олж илрүүлээд байна. Казахстанд манай улстай адилхан цахим гүйлгээ хамгийн түгээмэл болсон. Ийм нөхцөлд бэлэн мөнгө ашиглан хууль бус санхүүгийн ажиллагаагаа нуун далдлах тохиолдол хамгийн элбэг байна. Бусад цахим гүйлгээтэй харьцуулахад АТМ мөнгөний машин ийм хууль бус гүйлгээний нэг хэсэг болох маш амархан байдаг. Гэмт этгээд өөрийн данс, хувийн мэдээллийг ил болгохгүйгээр АТМ-д бэлэн мөнгө хийгээд хууль бус хаяг руу гүйлгээ хийдэг шилжүүлдэг тохиолдол цөөнгүй. Энэ онд Казахстанд ийм маягаар угаасан мөнгөний хэмжээ 25 сая долларт хүрсэн байна. Энэхүү асуудлыг шийдэхийн тулд Казахстан улсын санхүүгийн хянан зохицуулах алба Казахстаны үндэний банктай хамтарч зарим аюулгүй байдлын арга хэмжээ авахаар зэхэж байна. Тухайлбал, 500 мянган тэнгэ буюу 850 мянган долларын шилжүүлэг АТМ-ээр хийх гэж байгаа бол заавал хувийн нууцлалтай код ашигладаг байхыг ойрын хугацаанд журам болгохоор ажиллаж байна. Мөн ирэх оны нэгдүгээр сараас эхэлж банкны АТМ-үүдийн хяналтын камер авсан дүрсээ 180 өдөр хадгалдаг болгохоор ажиллаж байна. Цаашлаад эзэн нь тодорхойгүй гүйлгээнээс сэргийлэхийн тулд нүүр царай, хурууны хээ таньдаг биометр хэмжүүрийг бүх газарт хэвшүүлэх нь чухал гэж үзэж байна.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.


