Бидний ЁКОЗУНА
Б.Эрхэс

Улс төрийн дуулиан, шуугиан дундуур нийгмийн салбарт онцлох тод дүр болсон хүн бол Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга, Хакүхо М.Даваажаргал юм.
Түүнийг монголчууд Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбатын хүү гэдгийг нь мэднэ. Дархан аварга аавынхаа нэр сууг мэргэжлийн сүмогийн дэвжээнд 45 удаа дуудуулан түрүүлж, 1187 барилдаанд амжилттай давсан нь бүх цаг үеийн рекордыг эвдэж чадсан хоёр том амжилт байв.
Гэвч алдар нэр, амжилтыг дагаж хар бараан зүйл ч яригддаг бичигдээгүй хуулийн жишгээр гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх дуулиан шуугиан дэгдэж, төд удалгүй түүний ивээлд байдаг залуу бөх Хокүсэйхо А.Даваанинж дэвжээнийхээ бөхчүүдийг дарамталж, дээрэлхдэг байсан нь олон удаагийн үйлдлээр илэрч, сүмогийн холбоо хатуу хариуцлага тооцон Миягино дэвжээг нь хааж, бөхчүүд, дасгалжуулагчдыг нь Исэгахама дэвжээ рүү шилжүүлсэн билээ.
Тэгвэл гадаад бүсгүйтэй гэр бүл болж, эх орныхоо эрх ашгаас тодорхой хэмжээнд “урван” байж олж авсан дэвжээг нь хаасан энэхүү тодорхойгүй байдал удтал үргэлжилсэн учраас Хакүхо тэсгэл алдаж, сүмогийн холбоог орхих шийдвэр гаргасан нь яах аргагүй онцлох үйл явдал байлаа. Миягино дэвжээг авахын тулд тэр олон зүйлийг золиосолсон. Бөхөд хайртай монгол түмнээсээ урваж, Япон улсын иргэншил авч тэрхүү дэвжээг өвлөн авах шийдвэр гаргахад амар байгаагүй. Гэсэн ч энэ бүх эрсдэл, нэр хүндээрээ олж авсан зүйлсийг нь залуу бөхийн хариуцлагагүй, ухамсаргүй үйлдэл үгүй хийж олон жилийн хөдөлмөр, нэр хүнд, оякатагийн цол зэргээ орхиж сүмогийн ертөнцөөс бүрмөсөн явах шийдвэр гаргахад хүргэлээ.
Хакүхогийн энэхүү өргөдлийг Сүмогийн холбоо албан ёсоор хүлээн авснаар энэ сарын 09-ний өдөр Япон улсад албан ёсоор мэдээлэл хийхээр болжээ. Харин тэрхүү мэдэгдлээрээ эх орноо бүрмөсөн сонгож, Япон улсын иргэншлээс татгалзах уу гэдгээ шийдэх нь ээ гэсэн хүлээлт бий болов. Юутай ч энэ өдрүүдэд амьдралыг нь өөрчлөх томхон шийдвэр гаргахынхаа өмнө эх орондоо ирээд байгаа бөгөөд Дархан аварга аавынхаа гэрэлт хөшөөг нээх ёслолыг өнөөдөр өргөн дэлгэр хийхээр төлөвлөжээ. Харин түүнийхээ дараа эх орондоо бүрмөсөн буцаж ирж, гэр бүлийн бизнесээ удирдах уу гэдгээ шийдэх юм.
Нэгэн цагт монголчуудыг огшоож, омогшуулж, арлын Япон орноо цөөхөн монголчуудынхаа нэр сүрийг зарласан шиг зарлаж явсан түүнд эх нутагтаа гишгэх аргагүй болтол үзэн ядуулах ял зэм гэж байхгүй учраас дэлгэр сайхан эх орондоо ирж, тааваар амьдрах сонголт хийвэл буруутгах хүн гарахгүй билээ. Эх орондоо тааваар жаргаж, элгэн садан дундаа нэр нүүртэй амьдраарай, аварга аа. Алдаа, онооноос үл хамааран тэр бидний бахархал, бидний Ёкозуна билээ.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.