С.Соёмбобаатар: МАН ХЭЗЭЭ Ч ШИНЭЧЛЭГДЭЖ ЧАДАХГҮЙ ГЭДГЭЭ СҮҮЛИЙН 12 ЖИЛ ХАНГАЛТТАЙ НОТОЛЛОО

Х.ӨЛЗИЙ
Ардчилсан хувьсгалын 36 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ой тохиож буй энэ үед ардчиллын анхдагч залуучуудын төлөөлөл, МоАХ-ны гишүүн С.Соёмбобаатартай ярилцлаа.
-Өөрөө 1989 онд хаана, ямар ажил эрхэлж байв?
-1989 онд Намын төв хороо, Засгийн газрын Үйлчилгээ аж ахуй эрхлэх газарт ачигч.
-Яаж яваад Ардчилсан холбоотой холбогдов. Анхны ямар цуглаан, ажиллагаанд оролцож байв?
-Анхны цуглаанд зар хожимдож ирээд оролцож чадаагүй. Арванхоёрдугаар сарын 17-ны цуглаанаас хойш бүхий л үйл ажиллагаанд нь оролцож байна.
Ер нь ЗХУ-д өрнөсөн өөрчлөн байгуулалт, ил тод байдлын нөлөөгөөр Монголд хаагдмал нууцууд ил болж, олон хүн нийгмийн байдалд бухимдсан. Жишээ нь ес билүү, 10 дугаар ангид манай ангийнхан, манай гэрт шүүмжлэн ярилцахдаа нам байгуулах тухай хүртэл санаа, оноо гаргаж байв.
Ангийн багш Д.Зоригт маань “За хаалгаа цоожилчих, жаахан цууръя” гэнэ. Тэгээд хэлмэгдүүлэлт, Чехословак, Унгарын хэрэг явдал, тухайн үеийн нийгмийн согог гэх мэт олон зүйлийн талаар ярьдаг байсан нь намайг ардчилсан хувьсгалд оролцоход гол түлхэгч хүч болсон гэж боддог доо.
-Санаанаас гардаггүй үйл явдлууд их л тохиолдож байсан байх?
-Нэг тохиолдол санаанаас гардаггүй юм. 1989 оны арванхоёрдугаар сарын 18- нд /манайх 5 дугаар хороололд байсан/ “Улаан од” сонины газарт Ц.Элбэгдоржтой очиж уулзахад “МоАХ- ны мөрийн хөтөлбөрийн хураангуй” гээд 10 гаруй хуудас өгөөд чадахаараа олшруулаад ир гэсэн юм. Тэгээд таньдаг мэддэг хүмүүсээсээ гуйсан, айгаад хөдөлдөггүй. Тэгэхэд хамт ажилладаг байсан Хөхөөгийн найз СОТ-2- ын бичээч бүсгүй шөнөжин сууж, бичгийн машинаар олшруулж өгч билээ. Үүнд нь өнөөг хүртэл талархаж явдаг даа.
Халуун өдрүүдэд МоАХ- г дэмжиж, насанд хүрээгүй олон хүүхэд ирснийг Б.Хишигбат бид хоёр хариуцсан юм. Тэд насанд хүрээгүй учраас гишүүн болж болдоггүй, харин хамаг хар бор ажилд тусалдаг байлаа. Тэднийг би одоо гээгдэгсэд гэж боддог юм. Ардчилсан хувьсгалын ололт, амжилтанд оруулсан хувь нэмэр нь их.
Би дунд сургуулийн 9, 10 дугаар ангийнханд яриа таниулга олон удаа хийж явсан. Одоо бодоход ичдэг. 19 настай жаахан хүүхэд Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд очиж багш нарт малчдын цалинг 1200 төгрөгт хэрхэн хүргэх тухай яриа хийж байлаа шүү дээ.
Энэ 36 жил дурсах юм тоймгүй ихтэй өнгөрчээ.
-Өөрт тань МоАХ-ны хэдэн номерын үнэмлэх байдаг вэ?
-Сайн санахгүй байна. Би дугаар энэ тэрд ач холбогдол өгдөггүй юм.
-МоАХ-ны анхдагчид их амь нэгтэй, аймаг сум, хот хүрээ ялгахгүй, үзэл бодолдоо үнэнч явдаг даа. Олон жилийн өмнөх нөхөд хэр уулзалдаж байна?
-Нийтийн жишгээр л хурал зөвлөгөөн, баяр энэ тэрээр тааралдан уулзалддаг. Харин сүүлийн үед манай нөхөд их цөөрч байна. Бараг өдөр болгон л хэн нэг маань бурхны орон руу явсан мэдээ сонсож харуусал дүүрэн сууж байна даа.
-Эргээд бодоход МоАХ-ны хамгийн чухал, энэ улс орны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж эргэлт авчирсан шийдвэрийг нэрлэ гэвэл та юуг хэлэх вэ?
-МоАХ-ноос МоАН-ыг байгуулсан, өлсгөлөн зарлах шийдвэрийг нэрлэж болох юм.
-Гавьяа шагнал?
-За даа энэ тухай яриад хэрэггүй байх. Бид гавъяа шагналын төлөө бус, нийгмийг өөрчилж, сайн сайхан амьдрах эрхийнхээ төлөө л тэмцсэн дээ.
-Тэр үеийн ардчилсан залуучуудын байгууллагын тухай юу хэлэх вэ?
-1990 онд МоАХ- ны дэргэд залуучуудын Монголын Ардчилсан Залуучуудын Эвлэл /нэгдэл, эвсэл г.м/ байгуулах гээд оролдсон. Хамгийн гол нь насанд хүрээгүйчүүдээ зохион байгуулалтанд оруулах гэсэн юм. Гэтэл удирдлагууд бид залуу байхад залуучуудын байгууллагаар яах юм гээд дэмжээгүй. 1997 онд Ц.Элбэгдорж дарга дуудаж байна. Очоод уулзтал “чи нөгөө залуучуудын байгууллагаа одоо байгуул” гэж хэлсэн.
Тэгээд найз нөхөдтэйгөө ярилцаад, Бүтээлч Залуучуудын Холбоо /англиар SKY/тэнгэр/ Н.Мөнхбилэг, С.Анударийн санал болгосноор байгуулахаар шийдэж, гол үзэл санааг нь О.Машбат тэргүүтэнгүүд консерватизмд суурилуулан бичих, би дүрмийг нь боловсруулахаар тогтож түүнийгээ Ц.Элбэгдорж даргад танилцуултал ардчилсан хувьсгалын шанг татсан “Шинэ үе”-ээр нэрлэ гэснээр МҮАН- ын дэргэдэх залуучуудын байгууллага байгуулагдаж билээ.
Энэ дашрамд нэг зүйл дурсахад МХЗЭ нэрээ сольж МЗХ болсон үед МХЗЭ-ээ авч үлдсэн хэсэг, АСХ, МҮДН-ын дэргэдэх /нэрийг санадаггүй/ залуучуудын байгууллагуудтай албан бус ч МоАХ-ны МАЗЭ хамтран “Залуучуудын байгууллагуудын конгресс” байгуулахаар МЗХ-ны удирдлагуудтай ялангуяа Г.Ганболд даргатай байнга уулзалдаж, зөвлөж байсан ч тэгсхийгээд унтарсан даа. Хэрвээ бүтсэн бол Монгол Улсын залуучуудын бодлогыг тодорхойлоход эрх баригчдаас гадна залуучуудад их хэрэг болох байсан гэж боддог юм.
-Тухайн үед сонгуулийн үеэр, тухайлбал, сандал суудлын тоо яригдаж байгаад чимээгүй алсадсан, тэр талаар та юу хэлэх вэ?
-Тиймээ, 1996 оны сонгуулиар манай гишүүд маш цөөхөн хүнээр ялагдсан тохиолдол их гарсан. Ялангуяа Өвөрхангай аймагт гэхэд нэг эмч /хэн билээ дээ/ таван саналаар Ши.Батбаярт ялагдсан талаар маргаан гаргаж 51 суудалтай болъё гэдэг санал гарсан ч нэгэнт ялсан юм чинь гээд авч хэлэлцээгүй. Сүүлд бодохнээ МАХН-тай тохирсон шиг байгаа юм. 51 суудалтай байсан бол бид бодлогоо хэрэгжүүлэх төдийгүй хагарлын үүд нээгдэхгүй байсан гэж боддог.
Ингээд АН /2000 онд/ байгуулагдаж ҮЗХ-ны гишүүдээс сонгогддог болсноор “тэрний, энэний хүн” гэх хар, хов намыг эзэгнэж өнөөг хүртэл арилсангүй. Харамсалтай санагддаг.
-Тэгвэл 1990 оны МоАН-ын их хурлын үед та бас зохион байгуулалтын үйл ажиллагаанд оролцож л байсан байх?
-Бидний хэсэг залуус юм юманд л оролцдог байлаа. Тэр л жишгээр 1990 онд МоАН-ын их хуралд бэлтгээд дугуй зааланд хонон өнждөг байв. Хайнзангийн Цэгмэд маань Б.Рэнчин, Р.Чойням нарын цээж баримал хийнэ. Бид мөн туслахын хамт бичиг цаас янзлана. Тэгсэн нэг өдөр “Буян”-гийн Жагаа “Америкад нэг удаа” киног авчраад “Та хэд үз, энэ бол нөхөрлөлийн тухай кино” гээд өгч билээ. Үнэхээр тэр үед ч, одоо ч энэ үзэл санаа бидэнд их л хэрэгтэй байна даа.
-Бас нэг зүйл асууя. 1990 онд санхүүгийн холбоотой нэлээд хууль тогтоомжууд гарч байлаа. Тухайлбал, 20 дугаар тогтоол гэж гарсан, ер нь тэдгээр хууль тогтоомжуудыг та юу гэж боддог вэ?
-Миний бодлоор 1991 онд 20 дугаар тогтоол биш харин цочир эмчилгээ буюу үнэ чөлөөлөлт хийх ёстой байсан байх. Тэр үед хүндрэлийг ганзагын наймаагаар зөөллөх боломжтой байсан. Тэгсэн бол тэр үед хөрөнгө оруулалт огцом нэмэгдээд, өнөөдөр бид өнөөгийн хямралуудтай тулахгүй байсан байх. Мөн нийгмийн хамгааллын хуулийн орчинг шинэчлэх ёстой.
Дашрамд дурдахад, Нийгмийн даатгалын тухай хуулийн хувь хүний данс буюу төлбөр хураамж нь нэр дээр нь хураагдах ёстой байтал Н.Энхбаяр НДС-г төсөвт цутгаад хаясан. Үүний үр дагавар нь өнөөдрийн энэ их авилга, шамшигдуулалтын эх үүсвэр болсон. Мөн өөр нэг жишээ. Төсвийн удирдлага санхүүжилтын тухай хуулийг Ч.Улаан 2000 онд Сангийн сайдаар томилогдонгуутаа толгойг нь уруу харуулснаас цонхныхоо хадаасыг солихын тулд Сангийн яамнаас асуудаг болсон гэх мэт олон жишээ бий. Өнөөдрийн Монголын нийгмийн авилга, албан тушаалын хэрэг, шамшигдуулалт ингэж л эхэлсэн юм даа. Өнөөдөр МАН-хан ичихгүй тэнгэрээс буугаад ирсэн мэт бүгдийг янзлана, тэмцэнэ гэх нь инээд хүргэдэг. МАН хэзээ ч шинэчлэгдэж чадахгүй гэдгээ сүүлийн 12 жил хангалттай нотоллоо. Х.Баттулга Ерөнхийлөгчийн гаргасан МАН- ыг татан буулгах зарлигийг хэрэгжүүлэх ёстой.


2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.


