“Большой театр”-ын тэргүүн гоцлоочид “Жизель” балетын гол дүрд бүжиглэнэ

Сонгодог урлагийн тайзнаа амилаад 300 шахам жилийг туулахдаа анхны хувилбар, дэглэлтээр өнөөдрийг хүрснээрээ онцгой бүтээл болох А.Аданы “Жизель” балетын гол дүрүүдэд ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлооч Клим Ефимов, Анастасия Сташкевич нар ДБЭТ-ын тайзнаа энэ сарын 10,11-ны өдрүүдэд бүжиглэнэ. 
Монголд уригдан “Жизель” балетын Алберьтын дүрийг бүтээх Клим Ефимов, Жизелийн дүрийг амилуулах Анастасия Сташкевич нар нь бүжгийн техник, ур чадвараас гадна жүжиглэлтээрээ онцгой бүжигчид юм.  “Большой” театрын тэргүүн гоцлооч Клим Ефимов П.Чайковскийн “Хунт нуур”,  “Нойрсож буй гоо бүсгүй”, “Шелкунчик”, А.Адан, “Жизель” А.Хачатурян, “Спартак” зэрэг алдартай бүжгэн жүжгүүдийн гол дүрд бүжиглэж байсан.  Олон улсын хэд хэдэн балетын тэмцээний тэргүүн байрын шагналыг хүртсэн шилдэг бүжигчин юм байна.  
Харин “Большой” театрын тэргүүн гоцлооч Анастасия Сташкевич А.Аданы “Жизель”, Ц.Пунигийн  “Эсмеральда”,  Л.Делибын  “Цэнхэр нүдэн бүсгүй” зэрэг 10 гаруй шилдэг балетын гол дүрүүдэд тоглож байсан.  Олон улсын наадмуудаас тэргүүн, дэд байрын шагналыг хүртсэн шилдэг бүжигчин аж.  Мөн энэ удаагийн “Жизель” балетын эхний өдрийн тоглолтод Чех улсын Оломоуц хотын Моравийн театрын балетын гоцлол бүжигчин, ахлах зэрэгтэй мэргэжлийн балетын багш Хонг Шаошүэй Па-Де-Де бүжиглэх юм байна. Тэрбээр  ДБЭТ-ын тайзнаа Альбертын дүрд бүжиглэж байсан түүхтэй аж. 

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.
2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.