Шэнь Миньжуань: Монгол Улсад Хятадын талаас одоогийн байдлаар 4.86 тэрбум юанийн эдийн засаг, техникийн тусламж үзүүлсэн байна

Н.ПУНЦАГБОЛД
Бүгд найрамдах Хятад ард улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань өнгөрсөн даваа гарагт хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулт өглөө.
-Ядуурлыг арилгах нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал юм. ШХАБ энэ талаар ямар амжилттай туршлагыг хэрэгжүүлсэн бэ. Үнэмлэхүй ядуурлыг амжилттай устгасан хөгжиж буй томоохон орны хувьд Хятад улс ШХАБ-ын орнуудад ядуурлыг бууруулахад хэрхэн туслах вэ?
-Хятад улс ард түмнийг төв болгох хөгжлийн үзэл баримтлалыг тууштай баримталж, ядуурлыг бууруулах ажлыг төр улсаа засаглалын бодлогын тэргүүлэх зорилт болгон дэвшүүлсэн. Бодит нөхцөл байдалд тулгуурлан, хөгжлөөр дамжуулан ядуурлыг арилгах арга замыг баримталж, 2012 оноос хойш хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй, хамгийн их хүчин чадалтай, хамгийн олон хүнд үр өгөөжөө өгсөн ядуурлыг бууруулах их ажлыг хэрэгжүүлж байна. Мөн үнэмлэхүй ядуурлын асуудлыг түүхэндээ бүрэн шийдвэрлэж, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт туссан ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилээр түрүүлэн биелүүлсэн юм. Үүний зэрэгцээ, хөгжиж буй орнуудын нэгэн чухал гишүүний хувьд, Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоон байгуулах үзэл баримтлалыг тууштай баримталж, дэлхийн улс орнуудын ядуурлыг бууруулах, орчин үеийн хөгжилд хүрэх үйл хэрэгт Хятадын оюун ухаан, Хятадын арга шийдлийг хуваалцсаар ирсэн. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын зүгээс ч Хятадын ядуурлыг бууруулах туршлага, загварыг суралцаж, хэрэгжүүлэх нийтлэг хүлээлттэй байна.
Ядуурлыг бууруулах бол эцсийн дүндээ хөгжлийн асуудал юм. Хятад улс маш том зах зээлийн давуу талаа бүрэн ашиглан, бусад улс орнуудад хөгжлийн боломж олгохыг зорьдог. Сүүлийн 5 жилийн хугацаанд Хятад улс ШХАБ-ын бусад гишүүн орнуудтай хийсэн худалдааны эргэлт дараалан 300, 400, 500 тэрбум ам.долларыг давж, ШХАБ-ын гишүүн орнуудад хүчтэй хөгжлийн хөдөлгөгч хүчийг авчирлаа. Хятад улс ШХАБ-ын ээлжит даргалагч улс болсноосоо хойш 2025 оныг “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын тогтвортой хөгжлийн жил” болгон зарлаж, ШХАБ-ын “Ядуурлыг бууруулах болон тогтвортой хөгжлийн форум”-ыг зохион байгуулж, ШХАБ-ын гишүүн орнуудтай ядуурлыг бууруулах хамтын ажиллагааг идэвхтэй гүнзгийрүүлэн, хамтдаа хөгжлийг ахиуллаа.
Энэ удаагийн ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс шаардлагатай гишүүн орнуудад “жижиг үр дүнтэй” ард иргэдийн амьдралын дээшлүүлэхэд чиглэсэн 100 төслийг хэрэгжүүлэх, энэ онд багтаан гишүүн орнуудад хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэх. Ирэх гурван жилд Банкны консорциумын гишүүн банкуудад шинээр 10 тэрбум юанийн зээл олгох. Ирэх оноос эхлэн ШХАБ-ын тэтгэлэг олгох квотыг хоёр дахин нэмэгдүүлж, ирэх 5 жилд гишүүн орнуудад 10 “Лубаны цех” байгуулж, 10 мянган хүнийг сургалт, дадлагад хамруулахаар төлөвлөж байгаа тухай Ши Жиньпин дарга зарласан. Эдгээр нь Хятадын тал улс орнуудын ядуурлыг бууруулах асуудалд туслалцаа үзүүлж, тогтвортой хөгжлийн төлөө тууштай хүчин чармайлт гаргаж байгааг харуулж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлал нь хоёр улсын харилцаа тэр дундаа эдийн засагт ямар нөлөө үзүүлэхүйц цар хүрээтэй болсон бэ?
-Төрийн тэргүүнүүдийн дипломат харилцаа нь хоёр улсын харилцааны хөгжилд орлошгүй стратегийн тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Ши Жиньпин дарга нар хоёр талын харилцааны талаар өргөн хүрээтэй, гүнзгий санал солилцсон. Нэгтгэн дүгнэвэл, миний түрүүн дурдсанчлан, стратегийн харилцан итгэлцэл, хөгжлийн уялдаа холбоо, ард иргэдийн сэтгэл зүрхийг холбон ойртуулах нь гэсэн гурван үндсэн чиглэлд төвлөрч байна. Тухайлбал, эдийн засгийн салбарт Хятад, Монгол хоёр улс харилцан нөхөх давуу талтай, хөгжлийн эерэг хандлагатай, цаашдын хөгжлийн боломж асар их байна.
Төрийн тэргүүнүүд уулзалтын үеэр хамтын ажиллагааны эрч хүчтэй, тууштай хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн нь хоёр талын хамтын ажиллагааны итгэлийг ихэд дээшлүүлсэн. Бид энэ жил хоёр улсын худалдааны эргэлт, ялангуяа нүүрсний худалдаа тодорхой хэмжээгээр буурсан гэдгийг нуухгүй. Энэ нь ерөнхийдөө өнөөгийн дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, ялангуяа түүхий эдийн үнийн бууралтаас шалтгаалсан. Гэсэн хэдий ч Хятадын эдийн засаг энэ жил тогтвортой өсөлтөө хадгалж чадсан бөгөөд эхний хагас жилд 5.3 хувьд хүрсэн нь хүчтэй тэсвэрлэх чадвартайг харуулж, цаашид үргэлжлүүлэн Монгол Улс зэрэг дэлхийн бусад орнуудад хөгжлийн боломжуудыг олгосоор байна. Энэ оны эхний найман сард Монголын Хятадтай хийсэн зэсийн экспортын биет хэмжээ нь 40 хувиар өсөж, экспортын эрэлт 74.7 хувиар нэмэгдсэн байна. Мөн энэ жилээс эхлэн Сэхээ боомтын ачаа эргэлтийн хэмжээ өнгөрсөн жилээс 49 хоногоор түрүүлэн 20 сая тонн давж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, 18.5 хувиар нэмэгдсэн. Монгол Улс саяхан зохион байгуулсан Уул уурхайн долоо хоног арга хэмжээнд Хятад улс голлох орноор, Хятадын Уул уурхайн холбоо 70 гаруй компанийн хамт оролцон, Монголын талтай уул уурхайн салбар дахь туршлага, шийдлүүдээ хуваалцсан. Эдгээр нь бүгд бодит жишээ юм.
Бид Монголын талтай хамтран өнөөгийн гадаад орчны хүндрэл бэрхшээл, сорилтуудыг даван туулж, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримтлан, худалдаа, эдийн засгийн хөгжлийг нийтдээ тогтвортой байлгах итгэл дүүрэн байна.
-Хятад улс хөрш орнууддаа хийх хөрөнгө оруулалт, олгох зээл тусламжаа нэмнэ гэсэн. Монгол улсын ямар салбарт энэ төрлийн зээл тусламж олгох бол?
-Хятад Улс хөрш орнуудтай харилцах “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй байх” хөрш зэргэлдээ гадаад бодлогын үзэл баримтлалыг дэвшүүлсэн. Мөн хөрш зэргэлдээ улс орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэг цогцлоон байгуулахаар санаачилж, “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд хөрш орнуудтайгаа хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, олон жилийн турш буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийг тогтмол олгосон байна. Зөвхөн Монгол Улсын хувьд гэхэд, Хятадын талаас одоогийн байдлаар дөрвөн тэрбум 86 сая юанийн эдийн засаг, техникийн тусламж үзүүлж, 1.8 тэрбум ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээл олгож, зам, гүүр, цахилгаан станц зэрэг чухал дэд бүтцийг барьж байгуулан, сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв зэрэг ард иргэдийн ахуй амьдралд чиглэсэн олон төсөл хэрэгжүүлжээ. Хятад улсаас олгосон эдгээр зээл, тусламжууд нь Монгол Улсын хүсэл эрмэлзэлийг бүрэн хүндэтгэж, Монголын талын нэн яаралтай хэрэгцээг хангаж, эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр ашгаа өгч, ард иргэдийн амьдралд бодитойгоор тус болсон.
Наад захын асуудлыг ярихад, та бүхэн мэдэж байгаа байх, сүүлийн хоёр жилд Хятадын тал Замын-Үүд, Гашуунсухайт гэсэн хоёр чухал боомтын дэд бүтцийн байгууламжийг буцалтгүй тусламжаар барьсан. 1008 айлын гэр хороолллыг орон сууцжуулах буцалтгүй тусламжийн төсөл, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн хөнгөлөлттэй зээлийн төслийг удахгүй хүлээлгэн өгөх гэж байна. Мөн одоо барилгын ажил нь эхлээд байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь мөн Хятадын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа төсөл юм. Бид гадаад буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын талд сургалт, дадлагын квот олгосоор байна. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л 700 хүн сургалтад хамрагдсан бөгөөд энэ нь уул уурхай, эрчим хүч, газар тариалан, мал аж ахуй зэрэг уламжлалт салбаруудыг хамрахын зэрэгцээ анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи, биологийн шинжлэх ухаан зэрэг шинэ салбаруудыг багтаасан сургалтуудад хамруулж, Монголын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд туслалцаа үзүүлж байна.
Одоогийн байдлаар бид хоёр улсын төрийн тэргүүн нарын хооронд хүрсэн нийтлэг чухал ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, буцалтгүй тусламжийн хүрээнд Хятад, Монголын Төрийн тэргүүн нарын нэрэмжит спортын цогцолбор, Монголын Үндэсний урлагийн их театр, Цөлжилттэй тэмцэх Хятад, Монголын хамтын ажиллагааны төв гэсэн гурван томоохон төслийн барилгын ажлыг дэмжин ажиллаж байна. Цаашид Хятадын талаас “Бүс ба Зам” санаачлагын өндөр чанартай бүтээн байгуулалтын хүрээнд, Монгол Улсын дэд бүтэц болон ард иргэдийн амьдралд чиглэсэн салбарт анхаарал хандуулж, Монголын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих болно.

-Эрчим хүчний сүлжээ, газрын тос, байгалийн хийн хоолой зэрэг эрчим хүчний дэд бүтцийн салбарт урт хугацаанд Монгол Улсад шууд ашиг тустай байх гурван талт хамтын ажиллагааны төлөвлөгөө бий юу?
-Миний түрүүн хэлсэнчлэн, Ши Жиньпин дарга гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр "дэд бүтцийн холболт"-ын хүрээнд гурван улсыг холбосон хил дамнасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг идэвхтэй дэмжихээ илэрхийлсэн. Монгол улс Хятад, Оросын дунд оршдог газарзүйн байршлын онцгой давуу талтай тул гурван талын хамтын ажиллагаанд чухал зангилаа үүрэг гүйцэтгэх боломжтой. Мөн энэ нь Монгол Улсын хувьд өөрийн орны дэд бүтэц, үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд түлхэц болох юм. Хил дамнасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, урт хугацааны үр нөлөөтэй хамтын ажиллагааны томоохон төсөл юм. Монгол Улс тогтвортой, хөгжлийн сайн чиг хандлагыг хадгалах нь гурван талын хамтын ажиллагааг урагшлуулахад маш чухал юм.
-Монгол-Хятадын хоёр талын дээд хэмжээний уулзалтаар байгуулагдсан протокол, санамж бичгүүд нь Монгол Улсаас БНХАУ-д экспортлох уул уурхайн бус бүтээгдэхүүний хэмэжээг нэмэгдүүлэх зорилготой гэж ажиглагдсан. Энэ талаар та байр сууриа илэрхийлнэ үү. Тухайлбал, "Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын протокол"-ын талаар онцлон ярина уу?
-Урт хугацааны туршид уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа нь Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тулгуур байсаар ирсэн хэдий ч үргэлж хоёр талын хичээн чармайж ирсэн зорилт бол худалдааны бүтцийг сайжруулах, шинэ өсөлтийн эх үүсвэрийг нээх явдал юм. Энэ удаа байгуулсан “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай” протокол, “Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай” санамж бичиг зэрэг нь худалдааг төрөлжүүлэх чиглэлээр талуудын дахин нэг хүчин чармайлт гаргаж буйн илрэл юм.
Хятад улс Монгол Улсын гэрийн үүдэнд байдаг асар том зах зээл юм. Хятадын хүн ам 1.4 тэрбум, түүний дотор 400 сая орчим нь дундаж орлоготой давхаргад багтдаг. Хятадууд “Хоол хүнс бол амьдралын үндэс” гэж үздэг учир, Хятадын ард түмний сайхан амьдралын хүсэл тэмүүлэл нь тэдний хүнсний хэрэглээний төрөл, чанар, хүртээмжид тавих анхааралд ч бүрэн илэрдэг. Зөвхөн Монголын давуу талтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг авч үзэхэд, эдгээр нь Хятадын зах зээлд маш их эрэлттэй. Талууд улаан буудай, сүү сүүн бүтээгдэхүүн, малын тэжээл, ноолууран бүтээгдэхүүн, нядалгааны зориулалтын хонь зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна. Мөн хоёр талын хорио цээрийн хяналт шалгалтын стандартуудыг нийцүүлэх асуудал ч хамрагдсан юм.
Бид Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлохыг өргөжүүлэх асуудалд нээлттэй ханддаг, одоогоор бодлогын хувьд ямар нэгэн саад байхгүй, гурван л чухал асуудал байна. Нэгд, уялдаа холбоогоо сайжруулж, гарын үсэг зурсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг орчин үеийн, эрчимжсэн хэлбэрт шилжүүлж, бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг сайжруулах шаардлагатай. Гуравдугаарт, миний ойлгож байгаагаар Монгол Улс одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мал амьтны гаралтай өвчний голомтот бүсийн жагсаалтад бүртгэгдсэн хэвээр байна. Монголын талаас аль болох хурдан арга хэмжээ авч, энэ статусыг цуцлуулна гэж найдаж байна.
-ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнгээр ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулахаар болсон. Энэ банк чухам ямар үүрэгтэй ажиллах вэ. Гишүүн орнуудад үйлчлэх үү, эсвэл түшнлэгч орнуудад ч хамаарах уу. Онцлог давуу тал нь юу байх вэ?
-ШХАБ-ын Хөгжлийн банк байгуулах санаачилгыг анх 2010 онд Хятадын тал гаргасан. Энэ удаагийн Тяньжиний дээд хэмжээний уулзалтаар байгуулах шийдвэр гаргасан нь түүхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Ингэснээр гишүүн орнуудад илүү бие даасан, өндөр бүтээмжтэй эдийн засгийн хамтын ажиллагааны платформ бий болж, ШХАБ-ын эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломжтой болж байна. ШХАБ-ын гишүүн орнуудын сангийн байгууллагууд цаашид уг банкыг байгуулахтай холбоотой тодорхой асуудлуудаар хэлэлцээ хийж, бүс нутгийн онцлогт нийцсэн, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжих олон талт хөгжлийн санхүүгийн байгууллагын загварыг хамтран боловсруулах юм.
ШХАБ нь анхнаасаа нээлттэй, хүртээмжтэй бөгөөд байгуулагдсан зорилго нь бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд оршиж ирсэн. Иймд ШХАБ-ын Хөгжлийн банк нь өргөн хүрээний бүс нутгийн улс орнуудад шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ гэдэгт итгэлтэй байна.
-ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр болсон сүүлийн үеийн үйл явдал, яриа хэлэлцээний үүднээс танай төлөөлөгчид Монгол, Орос, Хятад гурван талт хамтын ажиллагаа, стратегийн зохицуулалтыг цаашид бэхжүүлэх байсан. Ялангуяа бүс нутгийн харилцаа холбоо, эдийн засгийн интеграцчлал, аюулгүй байдлын хамтын ажиллагаа зэрэг салбарт ШХАБ-ын гүйцэтгэх үүргийг хэрхэн үнэлж байна вэ?
-ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь юуны өмнө Хятад, Монгол, ОХУ гурван улсын хоёр болон гурван талт уулзалтуудыг зохион байгуулах чухал боломжийг олгодог. Та бүхний мэдэж байгаачлан, Хятад, Монгол, ОХУ гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын механизм байгуулагдаад 11 жил болсон бөгөөд өнөөдрийг хүртэл нийт долоон удаа төрийн тэргүүн нарын уулзалт зохион байгуулагдсан бөгөөд бүгд ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр хийгдэж ирсэн. Мөн өнгөрсөн жил ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтын хүрээнд Хятад, Монгол, ОХУ-ын Ерөнхий сайд нарын анхны гурван талт уулзалт амжилттай болсон. Гурван улсын удирдагчид эдгээр уулзалтуудаар стратегийн түвшний харилцаа холбоо тогтоож, хоёр болон гурван талт хамтын ажиллагааны үндсэн зарчим, хөгжлийн чиглэлийг тодорхойлж иржээ.
Үүний зэрэгцээ, ШХАБ нь Хятад, Монгол болон Хятад, Монгол, ОХУ-ын хамтын ажиллагаанд өргөн цар хүрээтэй тавцанг нээж өгдөг. ШХАБ байгуулагдсанаас хойших 24 жилийн хугацаанд хамтын ажиллагааны хүрээ тогтмол өргөжин тэлж, өнөөдөр эдийн засаг, соёл хүмүүнлэг, аюулгүй байдал зэрэг олон салбарыг хамарч байна. Хятад улс энэ жил ШХАБ-ын ээлжит даргалагч орноор ажиллаж, сүүлийн нэг жилийн хугацаанд 100 гаруй арга хэмжээ зохион байгуулж, ШХАБ-ыг өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд хөтлөн хүргэлээ. Гурван тал ирээдүйд дэд бүтцээр харилцан уялдаа холбоо, байгаль экологийн хамгаалалт, ногоон хөгжил, шинжлэх ухаан, технологийн инновац, дижитал эдийн засаг зэрэг чиглэлд хамтын ажиллагаа солилцоогоо улам гүнзгийрүүлж, зуун жилд тохиогоогүй сорилтуудыг илүү сайнаар даван туулж, тус тусын өндөр чанартай хөгжлийг харилцан туслалцаж хэрэгжүүлэх боломжтой.
Монголын талыг ШХАБ-ын үүрэг оролцоог өндрөөр үнэлж, бүх гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүсэж байгаад баяртай байна. Би хувьдаа Хятад, Монгол, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагаа бол энэ бүхний төв цөм гэдэгт итгэлтэй байна.

-Хятад, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтаар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийг таван жилээр сунгасан. Энэ хугацаанд ямар гол ажил, төслүүд хэрэгжих вэ? Өнөөдрийг хүртэл “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд ямар төсөл хөтөлбөрүүдэд хэдий хэмжээний санхүүжилт олгосон бэ? Үр дүнг хэрхэн дүгнэсэн бэ?
-Энэ удаагийн Хятад, Монгол, ОХУ гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр гурван тал “Хятад–Монгол–Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг таван жилээр сунгахаар санал нэгтэй шийдвэрлэсэн нь гурван талт хамтын ажиллагааг илүү өндөр түвшинд хүргэх чухал алхам болж, гурван улс одоогийн хамтын ажиллагааны үр дүнг өндрөөр үнэлж, цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх чин хүсэлтэй байгаагийн илэрхийлэл боллоо. Ши Жиньпин даргын онцлон тэмдэглэснээр, гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны замын зураглал амжилттай хэрэгжиж, гурван улсын харилцан худалдааны хэмжээ тасралтгүй өсөж, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологи, байгаль экологийн хамгаалал, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна. Дээрх “Хөтөлбөр”-т тусгагдсан ихэнх төсөл, хамтын ажиллагааны арга хэмжээ тодорхой ахиц дэвшилтэй байгаа бөгөөд хилийн боомт, хил дамнасан тээвэр, хорио цээрийн хяналт шалгалт, иргэдийн харилцан зорчилт, ах дүү хотуудын харилцаа, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарыг хамарч, дэд бүтцийн хатуу холболт, бодлого стандартын зөөлөн уялдаа холбоо, сэтгэл зүрхийг холбон ойртуулах нь зэрэг чиглэлд нүдэнд харагдахуйц үр дүн гарч, эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр ашгаа өгч, гурван улсын иргэдэд бодитой ашиг тус авчирсан юм.
“Хөтөлбөр”-т тусгагдсан олон төслүүдийг цаашид тогтвортой урагшлуулах, гүнзгийрүүлэх шаардлагатай, ялангуяа дараагийн шатанд гурван улсыг холбосон хил дамнасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тухайлбал, Хятад, Монгол, ОХУ-ын төмөр замын дунд чиглэлийн шугамын шинэчлэл нь гурван талын болон бүс нутгийн худалдаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой. Гурван тал энэ төслийг хамтын ажиллагааны чухал чиглэл гэж үзэн, харилцан ойлголцол, уялдаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлнэ гэж найдаж байна.
-Төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтаар “Сибирийн хүч-2” төслийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо гэж Орос болон Монголын талын албаны хүмүүс мэдэгдсэн. Энэ төслийн санхүүжилт болон үр дүнг Хятадын тал хэрхэн харж байгаа вэ?
-Ямар ч том төслийг хэрэгжүүлэхийн өмнө зайлшгүй техник, эдийн засгийн үндэслэл хийх шаардлагатай байдаг. Мөн аливаа төсөл зөвхөн нэг талд ашигтай, бусад талд хохиролтой байвал, тэр нь хэрэгжих боломжгүй, тогтвортой байж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Ийм ч учраас Хятадын тал “Бүс ба Зам” санаачилга болон бусад улс орнуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны төслүүддээ “хамтаар зөвлөлдөж, хамтран байгуулж, хамтдаа хуваалцах” зарчмыг тууштай баримталж, харилцан ашигтай, хамтдаа хожих зарчмыг үргэлж баримталж ирсэн. Таны дурдсан хамтын ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх тухайд бол, энэ нь гурван талын харилцан зөвшилцөл, яриа хэлэлцээрээр тодорхой болох асуудал гэж үзэж байна.
-Гашуунсухайт-Ганцмоод боомтын хил холболтын төслийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгч болох уу?
-Ганцмод - Гашуусухайтын хил дамнасан төмөр зам нь Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын боомт. Эрээн - Замын-Үүд төмөр замын боомтоос хойш 70 жилийн дараа байгуулагдаж байгаа юм. Тус боомтын жилд нэвтрүүлэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэх бөгөөд хоёр улсын уул уурхай, нийлүүлэлтийн сүлжээ хэлхээ, технологийн инновац зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Талууд үүнд өндөр ач холбогдол өгч, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хоёр улсын засгийн газар хооронд Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай хэлэлцээр гарын үсэг зурсан. Энэ оны зургадугаар сард хоёр улсын компаниуд Улаанбаатар хотод тус төмөр замын бүтээн байгуулалтын төслийн барилгын ажил гүйцэтгэх тухай гэрээ байгуулж, барилга угсралтын ажил эхэлж, одоогийн байдлаар барилгын үндсэн ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Хятадын талын компаниуд энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэх хүчин чадал, туршлагатай. Монголын тал төслийн барилга угсралтын ажилд бодлогын таатай нөхцөл бүрдүүлж, шаардлагатай баталгаагаар хангаж, төслийг хугацаанд нь хэрэгжүүлж дуусгана гэж найдаж байна.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.


