ТАЛХАА АВАХ УУ, ТАВДУГААР СТАНЦАА БАРИХ УУ

Н.ПУНЦАГБОЛД
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаж, энэ онд ногдол ашиг тараахаар болоод байна. Өнгөрсөн жил тус компани 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 65.55 төгрөг оногдохоор байгаа аж. Нийтдээ 786.6 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгоно.
Харин Монгол Улсын 3.5 сая иргэнд 208.5 тэрбумыг хувааж өгөхөөр болжээ. Үндсэндээ 1072 хувьцаа нь бүтнээрээ байгаа хүмүүст 63242 төгрөг өгнө. 300 хувьцаагаа зарчихсан хүмүүс бол 50 мянган төгрөг л авна гэсэн үг. Мэдээж компанийн ТУЗ ногдол ашиг тараана гээд шийдвэр гаргачихсан учраас тарааж л таарна.
Түүнийг нь иргэдийн данс руу шууд хийчихнэ. Авахгүй гэсэн ч өгнө, тиймээс иргэд санаа зовох хэрэггүй. Үндсэн санаа нь манай улстөрчид, Засгийн газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК ийм хэмжээний ногдол ашиг тараахгүй байх шийдвэр гаргаад, оронд нь томоохон бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулалт хийж болох уу.
Нөгөө талаас хоёр кг үхрийн мах авч дийлэхгүй шахуу мөнгө авч байснаас татгалзаад, дахиад л том бүтээн байгуулалт руу зарцуулах санал гаргавал яасан юм бэ гэдэг л байгаа юм.
Талхаа, махаа авах уу
63 мянган төгрөгөө бүтнээр нь авбал 2.3 кг үхрийн мах, зургаан кг цагаан будаа авч хүрэх юм байна гээд хэвлэлүүд аль хэдийнэ тооцоод, бодоод гаргачихаж. Мөнгө хэрэггүй хүн гэж юу байх билээ. Нэг ам бүл дунджаар дөрвүүлээ гэж бодоход 200-250 мянган төгрөг авчихна л даа. Энэ мөнгөөр хэрэгтэй зүйлээ авч, цахилгааныхаа төлбөрийг ч болов төлж ч болно. За болъё, архи авч уугаад, нэг өдөр ресторанд тансагласан ч хамаагүй. Эдийн засгийн эргэлтэд ороод, хэрэгтэй зүйлдээ шингээд л явчихаж болно.
Зарим эдийн засагчид “Компанийн гол зорилт бол ашиг олох. Тэгэхээр компанийн хувьцаа эзэмшигч нарын гол зорилго ногдол ашиг авах. Өөр хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага байхгүй. Мөнгөн дүндээ гол нь биш. 6000 төгрөгийн ногдол ашиг тараасан ч хувьцаа эзэмшигч түүнийгээ авах эрхтэй. Тэрнээс биш жижиг хувьцаа эзэмшигчийн эрхэнд халдаж, түүнийг дундаас нь хэсэг этгээдүүд шийддэг байж болохгүй. Цаашид маш буруу жишиг тогтоно” гэх мэтээр байр сууриа илэрхийлсэн байна билээ. Буруу биш ээ, зөв. Угаасаа компани ашиг хуваахаар боллоо, иргэд авлаа. Түүнийгээ юунд үрэх нь иргэдийн дур.
Дээрээс нь, зөвхөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхэнд халд ч гээгүй. Ерөнхийдөө л ногдол ашгаа нэг, хоёр жил тараахгүй, шууд том бүтээн байгуулалт хийхэд улс орны олон хямралаас гарч болохоор байгааг л иргэд хэлээд байгаа юм.
Мэдээж зарим нь “Нэг төгрөг ч байсан авна, яахаараа том бүтээн байгуулалтад нь өгөх ёстой юм” гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Тэдний ч гэсэн зөв. Ерөөс сүүлийн 10 жил МАН төр барихдаа, бүр үнэмлэхүй ялалт байгуулаад, дангаараа Засгийн байгуулаад ажиллаж байгаа мөртлөө. Хэн ч тэдний ажлыг гацаах, зогсоох эрх мэдэл байхгүй, тэд л дангаараа шийдэх боломжтой хэрнээ эрчим хүчний салбарт анхаарсангүй.
Авлигын индексээр манай улс “хомоол хамсаар”. Төсвийн орлого 2020 онд түүхэндээ анх удаа 10 их наяд давж байсан бол одоо 30 гарчихсан. Үндсэндээ төсвийн орлого гурав дахин өсөж, зарлага ч тэр хэмжээгээр нэмэгдсэн. Харин хүн ам, ажиллах хүч, Төрийн албан хаагчийн тоо ч гурав дахин нэмэгдээгүй. Тийм байтал төсвийн орлогын нэмэгдэл ард иргэдэд өгөөж болж очихгүй л байгаа.
Өнгөрсөн хугацаанд нэмэгдсэн юм гэвэл хүүхдийн мөнгө л 100 мянга болсон байх. Өөр дорвитой нэмэгдсэн цалин, тэтгэвэр гэж байхгүй. Эсрэгээрээ эрх мэдэлтнүүд нь алтан жорлонд суутлаа баяжаад л. Улстөрчид нь тэрбум тэрбумаар нь “цуслаад” л байж байна. Тийм байхад иргэдийн Төрд итгэх итгэл алдарч, том төсөл хөдөлгөхөд нь эргэлзэхгүй гээд яах билээ.
Нэмээд өнгөрсөн хугацаанд Төр мөнгөтэй ч байсан, төрөл бүрийн боломжоор ч эрчим хүчний төслүүдээ урагшлуулж болох байтал огт хөдлөөгүй. Тийм байтал ард иргэд авах ёстой ногдол ашгийнхаа хэдэн төгрөгийг өгч, унхайгүй улстөрчдийн хийх ажлыг өмнөөс нь хийхийг хүсэхгүй нь ойлгомжтой.
Гэхдээ энд бас сонгогчид бидний буруу ч их. Төрд байснаар юу ч хийж бүтээгээгүй, авлига авахаас өөрийг хийгээгүй олон хүмүүсийг дахин дахин сонгосоор л байгаа. Сан тоноод, авлигад идэгдээд байхад нь дахин сонговол тэр хүмүүс илүү л их хулгай хийхээс илүү их ажиллахгүй.
Тавдугаар станцаа барьчихвал ч...
Одоо энд Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээ, одоо үйлдвэрлэж буй чадал, хэд дутаад, хаанаас аваад, түүндээ хэчнээн хэмжээний валют зарцуулаад байгааг бичээд илүүц. Өч төчнөөн тоонууд бий. Бараг л хүн бүр цээжлэх шахсан байх. Ямар сайндаа л нэг станцын зууханд аваар гарахад улс даяар цахилгааны хязгаарлалт хийх дээрээ л тулж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард гадаа жаахан нэмж хүйтрэхэд станцуудын чадал хүрэхгүй хязгаарлалтын тоог эрс нэмж, үе үе 1-2 цагаар цахилгаан тасалсан. Нөхцөл байдал ийм дээрээ тулчихсан. Цаашид Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээ нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэж байгаа тэр хэрэгцээг яаж хангах вэ.
Утаанаас салъя, орон сууцжуулъя, цахилгаанаар халаалтаа шийдье гээд л байдаг. Гэтэл шинээр орон сууц барихад цахилгаан, дулаанаар хангаж дийлэх үү гэдэг чинь өөрөө асуудал болчихоод байна. Одоо бидэнд сэргээгдэх эрчим хүчний болон тавдугаар цахилгаан станцын төслүүдээ яаралтай хөдөлгөх, хурдан хугацаанд барих л шаардлага байна. Эсвэл ногдол ашиг авна, авахгүй гээд харанхуйд хэрэлдэж суух уу.
“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн онд 1.1 их наядын цэвэр ашигтай ажилласан. Түүний 786 тэрбум нь үндсэндээ Засгийн газрын ногдол ашиг гээд ойлгочиход болно. Энэ мөнгө төсөвт суугаад, жижиг, сажигаас эхлээд дунд төслүүд рүү ороод, дуусна гэсэн үг л дээ. Тэр ч битгий хэл ковидын үед Тавантолгой, Эрдэнэтийн ашгаар цахилгааны мөнгө төлөө биз дээ. Тэглээ гээд манай улс төсвөө дийлэхгүй, дампуурчихаагүй л дээ. Яахав, он гараад багш, эмчийн цалин жаахан нэмсэн байх. Тэтгэвэр ковидын үеийнхээс арай жаахан өссөн. Өөр сүртэй зардлын зөрүү байхгүй. Тэгвэл 1.1 их наядын цэвэр ашгаараа бид цахилгаан станц барьж болно. 2025, 2026 оны Тавантолгойн ашгаар л хангалттай станц барина даа, бараг.
Одоо тэгвэл 2020 оноос хойш иргэдэд олгосон ногдол ашгийг бодоод үзье. 2020 онд 96.480 төгрөг, 2023 онд 104 мянга, 2024 онд 256 мянга, 2025 онд 350 мянган төгрөг олгосон байдаг. Нийтдээ таван жилийн дотор 2.7 их наяд төгрөгийг үрчихсэн. Энэ мөнгийг аваад өнөөдөр хэний амьдрал дээшилж, хэдэн хүүхдийн сурах орчин сайжирч, улсад ямар үр ашиг гарав. Үзээд өгье ч гэсэн ашиг гараагүй.
Харин ч өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхэд нөлөөлж, сөрөг утгаараа лай болсоор л байгаа. Тэгвэл энэ жилийн 200 тэрбумыг хасаад, өнгөрсөн дөрвөн жилд тараасан 2.5 их наядаар бид тавдугаар цахилгаан станцаа өлхөн барьчихаар шахуу байсан. Тэгсэн бол өнөөдөр эрчим хүчний хомсдолд орлоо гэж суухгүй, дагаад олон ажлын байр нэмэгдэж, иргэдийн амьдрал сайжрахад нөлөөлсөн байгаа.
Эрчим хүчний дутагдлаа шийдсэн цагт дагаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, өөр юу ч байсан нэмээд бариад, асуудлын шийдлийг олоод явж болно оо. За тэгээд эцсийн эцэст ногдол ашгаа авсан нь зөв. МАН-ынхнаас станцаа нэхсэн нь зөв. Тэгэхийн тулд ард иргэд байнга шаардлагаа тавих хэрэгтэй байна.
Станц барьж, эрчим хүчээ шийдэхгүй байгаа нам, эвслээс татгалзаж, сонгуулиар амбаардаад явуулдаг л байх хэрэгтэй байна даа.

2025 © МMEDEE.MN | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.


